2010 оны хамгийн анхны Скаут цугларалт 2010 оны 1 дүгээр сарын 15-17-ны хооронд болж өнгөрлөө. Скаутын хөдөлгөөний Роверын салбар буюу 18-25 насны залуучуудын Өвлийн Дөрөвдүгээр майхант цугларалт Хүрэл Тогоот одон орон судлалын төвөөс 500м зайд байх Тэмээн хадыг түшиглэн зохион байгуулагдлаа. Энэ үеэр шөнөдөө -35 хэмийн хүйтэн байсан бөгөөд Ровер залуучууд өөрсдийнхөө авхаалж самбаа, эр зоригийг сорих зорилгоор жил бүр зохион байгуулдаг юм.
Залуучууд өвлийн хүйтэнд майханд хоноглон, хоол хүнс хадгалах хүнд хэцүү нөхцөлд өөрсдийгөө авч гарах аргад суралцах уг арга хэмжээ нь экстрем спортоор хичээллэдэг хүмүүс болон сонирхдогчдын сонирхлыг ихээр татдаг юм.

Энэ удаагийн Өвлийн цугларалтад 35 орчим Ровер залуучууд оролцсон бөгөөд үйл ажиллагаа, зохион байгуулалтын тал дээр урьд урьдынхаас илүү өндөр түвшинд бэлтгэгдсэнээрээ онцлог болж өнгөрлөө. Шинэ бүрэлдэхүүнээр сонгогдсон Монголын Скаутын Холбооны Роверын Салбарын Удирдах Зөвлөлийн 3 дахь томоохон ажил энэ болсон ба үүнээс өмнө 2009 оны 12 дугаар сард Роверын цасны баяр болон Роверын Шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Дээрх Өвлийн майхант цугларалт нь Скаутын хөдөлгөөнд нэгдэх, өөрийгөө сорихыг хүссэн хэн бүхэнд нээлттэй.

















