Данийн Залуучуудын Байгууллагаас зохион байгуулсан Үнэлгээ, Мониторингийн сургалтанд Монголын Скаутын Холбооны Скаутын салбарын ажилтан Б.Оргил, Ровер Скаут Д.Жаргалбаяр нар оролцоод ирлээ. Дани улсын нийслэл Копенхаген хотноо 12 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Данийн залуучуудын Байгууллагын төв байранд болсон уг сургалтаар төсөл, үйл ажиллагаанд хэрхэн үнэлэлт дүгнэлт өгөх, төслөө хэрхэн бодитой, үр дүнтэй болгоход анхаарах зэрэг мэдээллүүдийг Oxford-ийн Их сургуулийн профессор Max Peberdy өгсөн юм.
Мөн энэ үеэр НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн дэлхийн бүх тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт болж байсан бөгөөд Копенхаген хотын Засгийн газрын байрны урдаас хөдөлсөн 100 000 хүнтэй тайван жагсаалд оролцсон юм.
Үүний дараа 12 дугаар сарын 26-аас 2010 оны 1 дүгээр сарын 2-ныг хүртэл Scout Scoop буюу олон улсын Скаут хүүхдүүдийн Шинэ жилийн арга хэмжээнд зохион байгуулагчаар оролцсон юм. Уг арга хэмжээ нь 90-ээд оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил ирэх тусам сайжран хөгжиж оролцохыг хүсэгчдийн тоо улам нэмэгдэж байгаа юм. Дал гаруй оролцогчидтой арга хэмжээ болсон ба галт тэрэгний буудал дээрээс бүх оролцогчдыг нэг хоногийн явган аяллаар явуулсан нь скаут хүүхдүүдийн хувьд томоохон сорилт болж байлаа. Зохион байгуулагчид нь мөн олон улсын сайн дурын Скаут залуучууд бөгөөд аливаа үйл ажиллагаа байнга шинэлэг, олон янзын арга барил хосолсон сонирхолтой болж байсан юм.
Дани Монголын хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх бөгөөд Баруун бүсэд Скаутын хөдөлгөөнийг хөгжүүлэх “Нисгэгч” төслийн хүрээнд 2010 оны 1 дүгээр сарын 25-нд дараагийн Youth Leader болох Роверын салбарын дарга А.Билгүүн, Роверын салбарын удирдах зөвлөлийн гишүүн С.Дэлгэржаргал нар Дани улсыг зорих гэж байна.


















